• Эрхи Цогцолбор, Улаанбаатар
  • (976) 77431850
  • contact@fins.mn
Бүх нийтлэл: Энд дарна уу
Та энд байна: Нүүр хуудас \Нийтлэл
Урагш харахуй: Жолоочгүй машин ба даатгалын салбар
1 January, 2020 by Ц.Будмаа in Улаанбаатар

Жолоочгүй машины тухай сэдэв нь нэн саяхны сэдэвт тооцогдож болох хэдий ч түүний ирээдүйд учруулахаар зэхэн буй нөлөө нь үлэмж том юм.

Сүүлийн үед бие даасан буюу жолоочгүй автомашин үйлдвэрлэх зорилготой төслүүд ихэссэн бөгөөд уламжлалт автомашин үйлдвэрлэгчид, даатгалын салбарынхан болон дэлхийн улс орнуудын зохицуулах байгууллагууд гэх мэт уг өөрчлөлтийн нөлөөнд автах нэгж бүр уг шинэ технологийн талаар хэлэлцэж, олноор үйлдвэрлэгдэн гарч ирэхээс өмнө бэлтгэлээ хангасан байхаар яарч байна.

Түүхийг сөхвөл 1886 онд баруунд анхны машин явж эхэлсний дараа бид мориноосоо бууж машинд зориулан зам гаргаж хөгжилтэй хөл нийлүүлэх болсон байдаг. Сонирхуулахад дэлхийд анхны машин бүтээснээс ердөө 35 жилийн дараа буюу 1921 онд Монгол улсын анхны авто осол Нийслэл хүрээнд гарч байсан гэдэг.



Бид дэлхийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж эхэлсэн дээрх жишээний нэгэн адилаар өнөө цагт хөгжингүй орнуудад жолоочгүй автомашин хэрэглээнд нэвтэрсний дараа бид дэд бүтэцдээ хөрөнгө оруулж технологийн дэвшлийг улс орондоо нэвтрүүлэх үе зайлшгүй ирнэ. Энэ нь ердөө л цаг хугацааны асуудал бөгөөд учир нь бид энэ өөрчлөлтийг хийхгүй тохиолдолд яваандаа бидэнд импортлох жолоочтой автомашин (хоцрогдсон загварын) олдохоо болих билээ.



Монгол улс өөрийн үйлдвэрийг барьж жолоочтой автомашин үйлдвэрлэж болох хэдий ч юуны тул бид заавал өнгөрсөн зуунд үлдэх хэрэгтэй гэж?
ИХ БРИТАНИД 1 ЖИЛИЙН ДАРАА (2021 ОНД) ЖОЛООЧГҮЙ МАШИН НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.



Монгол улс өнөөг хүртэл автомашины дараах төрлүүдийг үе шаттай импортлон хэрэглэж байна.

1. Бензин, дизель, газаар ажилладаг хөдөлгүүртэй машин
2. Хосолмол хөдөлгүүртэй хайбрид машин
3. Цэвэр цахилгаан машин

2018 оны байдлаар нийт машины 0.02%-ийг цахилгаан машин эзэлж байгаа ба Засгийн газрын бодлогын дэмжлэгтэйгээр (татварын хөнгөлөлт, дугаарын хязгаарлалтгүй, 1 дүгээр эгнээгээр зорчих эрх зэрэг) энэ тоо цаашид өсөх төлөвтэй.

Бид дэлхийн чиг хандлагыг даган илүү цэвэр, өндөр технологийн машиныг хэрэглэх болсон бөгөөд харин дээрх жагсаалтын 4 дугаарт жолоочгүй машин байх уу?

ЖОЛООЧГҮЙ МАШИНД ЯМАР ТЕХНОЛОГИ АШИГЛАДАГ ВЭ?

Радар, олон төрлийн мэдрэгчүүд, дуу авианы локатор, лазерын эхолокатор, GPS, туулсан зам хэмжигч бүхий компьютерийн иж бүрэн систем хэрэглэдэг.

Эдгээр системүүдийн тусламжтайгаар автомашинууд өөр хоорондоо холбогдохоос гадна, дэд бүтцийн байгууламжуудтай (зам, гүүр) холбогдон мэдээлэл солилцож замын хөдөлгөөний ачаалал тодорхойлох, түгжрэлгүй замыг тооцоолж сонгох, очих цэгт хүрэх хугацааг тооцоолох, хамгийн дөт замыг сонгох, гаднах объектууд хүртэлх зайг хэмжих зэрэг үйлдлийг хийх юм.

ДААТГАГЧДАД ЯМАР СОРИЛТ БА БОЛОМЖ ТУЛГАРЧ БАЙНА ВЭ?

Зам дээр жолоочгүй машинууд явж эхлэх үед даатгалын салбарт ямар сорилт тулгарах вэ?

Хураамжийн бууралт

Кеннедис хуулийн фирмийн дурдсанаар Их Британийн нэгэн даатгалын компани жолоочгүй автомашинууд хэрэглээнд бүрэн нэвтэрснээр тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 60%-аар буурах үр дүн гарч болохыг тооцжээ. Хүний алдааг бууруулж техникийн тооцоолол ашигласнаар зам тээврийн ослын давтамж яваандаа буурч энэ нь эргээд хураамжийг бага тогтоох үндэслэл болно.

Их хэмжээний дата

Жолоочгүй автомашинууд хэрэглээнд нэвтэрснээр их хэмжээний дата (автомашин ямар хэмжээнд хэрэглэгдэж байгаа болох, аль хотод, аль замаар, аль цагт илүү их зорчиж байгаа болох, гаргасан ослын тоо гэх мэт) цугларах бөгөөд ингэснээр хураамжийг нарийвчлал сайтай тогтоох боломж үлэмж сайжирна.

Бүтээгдэхүүний хариуцлагын асуудал

Жолооч хүрдний ард суухаа больсноор жолоочийн хариуцлага гэх зүйл үгүй болж түүний оронд үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний хариуцлагын асуудал илүүтэй хөндөгдөнө. Дийлэнх автомашинаа үйлдвэрлэгчээс шууд худалдан авдаггүй манай улсын хувьд яаж үйлчлэх вэ? Үйлдвэрлэгч ба хэрэглэгч нь өөр улсад байгаа тохиолдолд хохирогчийг хэрхэн хамгаалах вэ?

МАШИНЫ ТЕХНОЛОГИ МОНГОЛД ХЭР ХУРДАН ОРЖ ИРДЭГ ВЭ ?

1990 онд Хайбрид машины сэдэв хол санагдаж байсан бол 1997 оноос Toyota корпораци Приус загварыг массаар үйлдвэрлэсэн бөгөөд Монголд 10 жилийн дотор орж ирсэн.

Тэгвэл жолоочгүй машин хэдийд бодит байдал болж болох вэ?

Ямартай ч шинэ технологи бүхий машин гарч ирснээс хойш 10 жилд бид импортолдог юм байна. Дэд бүтцийн асуудлаа шийдээгүйн улмаас хойшлууллаа гэхэд цаад тал нь 20 жилийн дараа нэвтэрч эхлэх магадлалтай. Өнөөгийн байдлаар жолоочгүй автомашинд зориулсан дэд бүтцийг бүрдүүлээгүй байгаа ч хэрэв орж ирвэл даатгалын салбарт томоохон сорилт болох нь тодорхой байна.

Харин танай компанийн цаашдын төлөвлөгөөнд айсуй технологийн өөрчлөлт хэрхэн туссан бэ?